Friday, August 21, 2009

Ч.Эрдэнэ: Саяхан хүн иддэг байсан омгуудаас Кембрижийн бакалаврууд, докторууд төрж гараад “давхиж” явдаг болсон цаг

Тэрээр “Их гурвалжин” номондоо "Энэхүү бяцхан номыг уншигч хэн хүн бээр хар захын тоосонд дарагдаж явлаа ч, харь гүрний тэргүүнтэй хэлэлцэж суулаа ч өөрийн бахархал арай үлэмж, харц арай дээгүүр, нуруу арай цэх, сэтгэл арай уужим, санаа арай хол, бодол арай цэлмэг, зориг арай агуу болох болтугай гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг барив зохиогч би" хэмээсэн байдаг. Монголоороо бахархдаг, Монгол гэх нэрийг сэвтээхгүйн төлөөнөө оюунаа төвлөрүүлдэг энэ эрхмийн ухааны царааг гайхаад баршгүй. Тэрээр нэгэнтээ “Коперникоос эхэлсэн Шинжлэх ухаан надаар дуусч байгаа юм" хэмээн хэлсэн байдаг.

Тэр их “сонин” хүн.

Энэ хүний “шинжлэх ухааныг дуусгаж буй” бүтээл нь супернэгдлийн онол. Энэ онолынхоо талаар "PRINCIPIA MATHEMATICA Absolute Geometry & Super Unitied theory” номондоо өгүүлж түүнийгээ англи болон оросоор бичсэн байдаг.

Судлаач Ч.Эрдэнэ www.tsahimurtuu.mn сайтын сурвалжлагчийн “Та онолоо юугаар батлах юм бэ” гэсэн асуултанд “Миний баталгаа хангалттай бус, миний баталгаа хангалттайгаас илүү... Судлаач баталгаатай эсэхээ өөрөө мэдэж болдог юмыг л шинжлэх ухаан гээд байгаа юм. Тэр тусмаа математикт.

Ер намайг шалгах, хянах, шүүх ухааны юм бодож, цаг алдаж, ажил үрж, ард нийтийн амьжиргааг алдагдуулж, үндэсний эрх ашигт хор хохирол санаатай, санамсаргүй учруулах хэрэггүй. Энэ удаа би өөрөө шалгуур нь, шүүгч нь. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн үйл явцад ингэдэг номтой, жамтай. Эс бөгөөс хүн төрөлхтөн агуйдаа сууж байх байсан” хэмээн хариулсан байдаг.

Энэ онолын талаар, Ч.Эрдэнэ гэдэг судлаачийн тархинд буй олон олон мэдлэг, мэдээллийн талаар ганц удаагийн ярилцлагаар гаргах боломж даанч байхгүй. Боломж бага ч бус бүр огт байхгүй хэмээн хэлж байна. Тиймээс тэр олон зүйл ярихыг хүсээгүй. “Бага багаар ярьж болох юм” гэнэ билээ. Бага багаар ч болов түүнтэй ярих боломж олдсонд баярлаж байна. Ингээд “дэлхийн чихийг сортойлгох” энэ их хүнтэй уулзсанаа та бүхэнд хүргэе.

-Супернэгдлийн онол гэдгээ товч тайлбарлахгүй юү?
-Товч тайлбарлъя. Харин их анхааралтай сонс. Ерөөс шинжлэх ухааны сэдэв хөндөгдсөн нөхцөлд нэг нь их болгоомжтой ярьж, нөгөө нь их анхааралтай сонсох шаардлагатай, тийм хэм хэмжээтэй байдаг юм.

"Супернэгдлийн онол" гэдэг нэр томъёог Эрдэнэ залилангийн зорилгоор ч юм уу зохиосон юм огт биш шүү дээ. Физикийн ухаанд хэдэн арван жил хэрэглэгдэж ирсэн албан ёсны нэр томъёо. Ингээд нэгдүгээрт, шинжлэх ухаанд үлдсэн сүүлчийн ганц суурь асуудлыг супернэгдлийн онолын гэж байгаа юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд академич X. Намсрайн нэгэнтээ хэрэглэсэн нэр томъёогоор "материйн нэгдсэн онолыг босгох" ёстой юм. Тэгэхээр материйн нэгдсэн онолыг нээн олж, бүрэн төгс боловсруулах асуудал шинжлэх ухаанд байдаг юм байна. Ертөнцөд оршин буй бүхнийг матери гэвэл түүний нэгдсэн онол гэж чухам юу байх ёстой юм бэ гэсэн асуулт гарнаа даа. Матери оршин буй үй олон арга хэлбэрийг цорын ганц учир шалтгаанаар нэгтгэн тайлбарлах ёстой онолыг супернэгдлийн гэж урьдчилан нэрлэж иржээ. Тэр онолыг танай судлаач үндэслэлээр нь нээж, цаашид гүйцээн боловсруулжээ. Интернетэд ороод харвал, нэр физикч Стивен Хокингийн видео ярилцлага бэлхнээ бий. Тэрбээр "The ultimate goal is a complete theory of the Universe" гэж хэлсэн буй. Тиймээс орчлон ертөнцийн бүрэн төгс онолыг олж авах нь хүн төрөлхтөний туйлын зорилт юм. Хэрэв тэр онол нь зарчмын хувьд байж болох бол түүнийг физикийн ухаанд супернэгдлийн гэж нэрлэх нарийн ширийн учир шалтгаантай юмаа л гэсэн үг.

Кембрижийн их сургуулийн Лукасын тэнхимийн профессор Хокингийн үгээр, ертөнцийн онол гээд ойлгочихвол хамгийн хялбархан байх. Ертөнцед огторгуй, хугацаа, матери л оршин байна. Тиймээс академич X. Намсрайн арай тодорхой томъёоллоор, орон-цаг ба материйн нэгдсэн онол гээд бодчих.

-Та МҮОНТВ-ээр “онол нь бэлэн болчихоод байна. Энийг зохих хүмүүст нь хүргэчихвэл бүх зүйл болох гээд байна. Даанч санхүүгийн боломж алга” гэж ярьж байсан. Монгол хүн нобель хүртэхэд ч бэлэн байдаг. Гэтэл санхүүгийн бэрхшээл үүсээд байдаг. Тэгээд холбогдох хүмүүстэй нь мэйлээр харьцаад, “энд супернэгдлийн онол гарчихаад байна” гээд бичээд явуулчихаж болдоггүй юм болов уу гэж бодлоо л доо?
-Надад юм уу, тэр байтугай ШУ-д ямар нэг хүндэтгэлтэй хандах албагүй. Харин ертөнцөд? Бүрэн төгс онолыг нь мэйлээр бичээд явуулчихдаг ертөнц гэж юу байх билээ дээ. Нөгөө хэн гишүүн, сайд, захирлын хуучин авгайн шинэ нөхрийн түрүүчийн эхнэрийн хамтран амьдрагч бандийн компани тендерт яллаа гэдэг шиг мэдээллийн хэрийний биш шүү дээ. Нэгд энэ. Хоёрт, шинжлэх ухааны нийтлэл, мэдээллийн журам горим гэж бас нарийн ширийнтэй, үндэсний эрх ашгийн үүднээс гүн гүнзгий учир холбогдолтой юм байдаг. Цааш нь бас олон учир шалтгаан байна, тоочих арга алга.

Супернэгдлийн онол маань 300 гаруй бүлэгтэй, мянга хол гаруй хуудастай, 5000 орчим томъёо тэгшитгэл агуулсан сурах бичгийн гар бичмэл хэлбэрээр одоо байна. Үүнийг мэйлдэж болох бол хамаа алга, мэйлдээд аль. Би үүнээс нэг салах минь.

-Нострадамус "Дорнодахинаас шинжлэх ухааны агуу лидер төрж гарна" гэсэн гэж тайлж уншсан юм гэнэ лээ. Тэр хүн нь супернэгдлийн онолыг гаргасан хүн болж таарах уу?
-Тэр байтугай нарийн тодорхой хэлсэн юм байна билээ. Тэр хүний асуудал нэг хэрэг. Харин тэр үндэстэн яах ийхийг бас хэлсэн байдаг юм. Бодвол, тэр ёсоор болох биз.

-Шинжлэх ухааны ололт нээлтүүдийг европчууд л хийдэг мэт. Гэтэл Азиас, тэгээд бүр хүн мэдээд байхгүй жижигхэн Монголоос супернэгдлийн онол гарчээ. Энэ боломжтой гэж үү?
-Одоо нэгэнт болчихсон юмыг боломжгүй гэх хэцүү биз дээ. Боломжтойгоор барахгүй, ёстойн учир шалтгааныг миний "Их Гурвалжин" номоос цухас үзэж болох. Монголынхоо талаас бол хязгааргүй нарийн зүй тогтолтой зүйл. Гэхдээ гол нь, орчин үед улс үндэстнүүдийн шанс жигдэрсэн нэг гойд чухал онцлог бий. Саяхан хүн барьж иддэг омгуудаас Кембрижийн бакалаврууд байтугай, докторууд төрж гараад давхиж явдаг болсон тийм эрин цаг. Ер хоёр хөлтөн, хохимой толгойтон хаана ч адилдаа адил, годилдоо годил гэж үзэхийг шинжлэх ухаанч үзэл гэдэг юм шүү дээ.

-Ингэхэд Шинжлэх ухааны академи гээч байгууллага байдаггүй бил үү. Энд нэг хүн супернэгдлийн онол гаргачихаад байна шүү дээ. Тэдний зүгээс ямар нэгэн дэмжлэг үзүүлэх, эс бол холбогдох хүмүүстэй нь холбож өгдөг ч юм уу?
-Байж ч магад, үгүй ч байж мэднэ. Юу ч гэсэн төрийн төсөв хуваарилахад тийм байгууллагын нэр орсон үгүйг хар. Орсон бол шинжлэх ухааны амьдрал, үйл ажиллагааг нь эрж сураад үз. Нийгмийн маань амьдрал, тэмцэлд Шинжлэх ухааны академи оролцсон мэдээ чимээ байна уу, үгүй юү.

Ер нь бол жилдээ нэг чуулдаг сураг дуулддаг, чуулахад нь нэр нь нийгэмд нэг сонсогддог газар. Тийм нэг чуулганд ШУА-ийн жинхэнэ гишүүн физикч X. Намсрай илтгэл тавихдаа "Бидний нэг гутамшиг бол экспертүүд Монголд байдаггүй" гэж мэдэгдсэнийг ШУА-ийн албан ёсны хэвлэл гэх сонинцорт нийтэлсэн буй. Чи юу асуух гээд байгааг би ойлгож байна. Хариултыг академич X.Намсрай өгсөн байна. Уг нь бол олон улсын жишгээр Шинжлэх ухааны академи гэдэг газарт экспертүүдээс өөр хүн амьтан байдаггүй номтой юм.

Өөрөөр хэлбэл, академич X. Намсрайг төр түмэн сул тэжээж, дэмий тэтгэж ирэхдээ түүнийг чухам хэрэгтэй цагт эксперт байлгах бодлого барьсан байлтай. Тиймээс түүнийг эксперт байгаад өгөөч гэж гуйж түүж болохгүй юү гэж асуух байх. Болно л доо. Би бүр эхнээсээ гуйж түүгээд яваа юм. Гэтэл мань хүн мөнөөх ШУА-ийн чуулганд илтгэхдээ: "Морин дэл дээр төрж, морин дээр үхдэг эсгий туургатны бор гэрээс нээлт гарна гэдэг ёстой л гонжийнжоо, голионы баас гэж бодож явлаа" гэжээ. Хамгийн харамсалтай нь, мань хүн тэр бодлоосоо түр зуур ч гэсэн татгалзсан шинж тэмдэг алга. Тиймээс чи бид хоёрын хэлэлцэн буй асуудалд Шинжлэх ухааны академи гэгч байна уу, үгүй юү, падлийгаар бага юм.

Гэхдээ академич X. Намсрайг тусгайлан барьж авч буруутгаад байх хэрэггүй. Монголчуудын 99,99 хувь нь бас л гонжийнжоо, голионы баас гэж бодож яваа. Хэдэн зуун жилийн бууралт доройтлын дараа ийм бурангуй сэтгэлзүй ноёрхох нь ч ойлгомжтой хэрэг.

Гэвч түүхэн шинэ үйл явц зүй өөрийнхөө зүй тогтлоор өрнөнө. Түүх тулган шаарддаг, гуйж түүж явдаггүй.

Үүгээр энэ удаа ярилцлагаа завсарлъя.

-Зав гарган ярилцлага өгсөн таньд баярлалаа.

Судлаач Ч.Эрдэнийн "Улс төрийн сонины" 2008 оны аравдугаар сарын дугаарт хэвлэгдсэн Ч.Эрдэнэ гуайн “Монгол Улс тэргүүлэх их гүрэн, тэнгэрээс буусан дэлхийн аврал” сонины нийтлэлд дурьдсан зүйлсээс хэсэгчлэн толилуулвал “Дэлхийн өсөлт өнөөгийн шинжлэх ухаан, технологийн хязгаарт тулж, цаашид экологи болон эдийн засгийн сүйрлийн ирмэг рүү шууд өнгийн унах тухай Ромын клуб 1960-аад оны тооцоо хугацаандаа биеллээ. Энэ нөхцөлд цаашид ганцхан арга зам бийг Ромын клуб бас заасан. Энэ нь “Даяар тэнцвэр”. Энэ бол бүх үйлдвэрлэл, хэрэгцээг эрс огцом хязгаарлан дэлхий даяар тэгшитгэн хуваарилах системд шилжих замаар байгаль орчны ямар нэг сэгтэй үлдэн амиа аварч үлдэх ганц арга. Учир иймд зөвхөн супернэгдлийн онолын эринд цаг алдалгүй яаралтай шилжиж, улмаар хувьсгалт шинэ технологиудыг ойрын хэдэн жилд багтаан олох замаар дэлхийн өсөлтийн шинэ нөөц боломж бий болгох ёстой юм.” гэжээ.

Мөн тэрээр “Жүүд, Монголын ялгааг дахин хэлбэл дараах юм. Бүр болихоо больж тартагтаа тулсан нэг еврей “Үгүй энэ золигийн бурхан нь одоо өөр үндэстэн сонговол яасан юм дээ” гэсэн гэдэг. Асуудлыг их зөв ойлгож буй хэрэг. Бурханы сонголт нь хатуу ширүүн шалгалт шалгуур дагуулах учраас л тийм сонголт байна. Шудрага ёсны хэрэг. Монголчууд бид болохоор Тэнгэрээс заяат төрсөн тухайгаа таг мартаад “Тэнгэр хаясан” амьтас болсон байна. Тэр домгийг маань манай өөрийн зарим нийтлэлчид ихэд шоглож тоглож бичсэн ч үзэгдэнэ. Домгийн цаана заавал нэг юм байдаг нь түүхэн туршлагаар сайтар нотлогдсон гэж үздэг. Бурханаас сонгогдсон нь 20 дугаар зууны шинжлэх ухааныг бүтээсэн бол, Тэнгэрээс заяагдсан нь 21 дүгээр зууны шинжлэх ухааныг бүтээх л болж байна.” хэмээсэн байдаг.

Хэрвээ бидэнд боломж олдвол дахин түүнтэй, илүү дэлгэрэнгүй ярилцахыг чармайх болно.

О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /

1 comment:

  1. Надад супер сангийн аж ахуйн онол байгаа.

    ReplyDelete